Лук 9:28-36
Лук 9:28-36 АБ2013
Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр залбирахаар Петр, Иохан, Иаков нарыг дагуулан уул өөд гарлаа. Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болсон байжээ. Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. Тэд цог жавхлантайгаар үзэгдэж байсан агаад Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. Нойрондоо дийлдээд байсан Петр болон нөхөд нь бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. Тэднийг Есүсээс холдон явахад Петр, Есүст —Эзэнтэн, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхээд авав. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. Тэгээд үүлнээс —Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Тийнхүү дуун гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байжээ.