Дуулал 119:1-176
Дуулал 119:1-176 АБ2013
Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ! Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна. Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ. Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог! Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ. Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч! Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав. Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Зарлигуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг. Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Зарцдаа өгөөмөр хандаач! Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч! Би газар дэлхийд ирмэл хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач! Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна. Таны тушаалаас салан төөрдөг Бардам, хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь Таны гэрчлэлүүдийг би сахидаг. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг. Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм. Сэтгэл минь тоос шороонд дарагдав. Үгийнхээ дагуу намайг сэргээгээч! Явдлуудынхаа тухай Тандаа ярихад Та хариулсан билээ. Зарлигуудаа надад заагаач! Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана. Гашуудлаас болж сэтгэл минь уйлна. Үгийнхээ дагуу намайг хүчжүүлээч! Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч! Үнэний замыг би сонгож Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан. Гэрчлэлүүдээс тань би зуурна. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно. Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье, Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач! Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л. Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач! Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч! Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач! Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч! Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай. Тэгвэл намайг буруутгадаг хүнд Хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач! Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ. Ингэх аваас хуулийг тань үргэлж, Мөнхийн мөнхөд би сахина. Тушаалуудыг тань хайдаг тул Би чөлөөтэй алхах болно. Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм. Тушаалуудад тань хайртай тул Тушаалуудад тань би баясах болно. Тушаалуудад тань хайртай тул Тушаалууд уруу тань гараа өргөж, Зарлигуудыг тань бясалгана. Таны, надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач! Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм. Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй. Аяа ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санаад бас тайтгарлаа. Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа. Миний аян замын өргөөнд Таны зарлигууд миний дуу юм. Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахив. Тушаалуудыг тань биелүүлэх нь Миний ерөөл болсон юм. ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. Бүхий л зүрхээр Таны ивээлийг Би хайсан билээ. Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач. Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн. Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ. Буруутуудын уяа намайг хэрсэн ч Хуулийг тань би мартаагүй билээ. Тогтоолууд тань шударга тул Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно. Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн Анд нөхөр нь би билээ. Аяа ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн Зарлигуудаа надад заагаач! Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ. Би Таны тушаалуудад итгэдэг учраас Бошиг зарлигийнхаа сайныг бас мэдлэгийг заагаач! Зовж шаналахынхаа өмнө би Буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг. Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач! Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр тушаалуудыг тань биелүүлнэ. Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг. Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай. Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм. Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч. Би Таны үгийг хүлээдэг учраас Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай. Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ. Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу Хайр энэрэл тань намайг тайтгаруулах болтугай Намайг амьд байлгахаар Өршөөл тань надад ирэг. Учир нь хууль тань миний баясгалан юм. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас Бардам хүмүүс ичих болтугай. Харин би тушаалуудыг тань бясалгана. Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс Над уруу эргэх болтугай. Намайг ичгүүрт оруулахгүйн тулд Зүрх минь Таны зарлигууд дотор Гэм зэмгүй байх болтугай. Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Үгийг тань би хүлээдэг. “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж намайг хэлэхэд Таны үгийн төлөө нүд минь гархилдаг. Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Зарлигуудыг тань би мартдаггүй. Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ? Таны хуулийг үл дагагчид болох Бардам хүмүүс надад нүх ухжээ. Таны хамаг тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач! Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ, Гэвч би тушаалуудыг тань огоороогүй. Амнаас тань гарах гэрчлэлийг Надаар сахиулахын тулд Хайр энэрлийнхээ дагуу намайг сэргээгээч! Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт Мөнхөд бат тогтжээ. Үнэн тань үеийн үед үргэлжилмүй. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар амуй. Тогтоолуудын тань дагуу Эд бүгд эдүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс Таны боол билээ. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа. Тушаалуудыг тань хэзээ ч үл мартана, би. Үүгээрээ намайг сэргээсэн билээ, Та. Би Таных билээ, намайг авраач. Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм. Буруутууд намайг устгахаар отон хүлээдэг. Гэрчлэлүүдийг тань би гүн тунгаана. Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч Таны тушаал хэмжээлшгүй өргөн дэлгэр ажээ. Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг. Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би. Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би. Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан. Та Өөрөө надад заасан учир Таны тогтоолуудаас би гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ. Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч. Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ. Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй. Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав. Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан. Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг, Хуульд тань харин хайртай. Та миний хоргодох газар ба миний бамбай Би Таны үгэнд найдан хүлээдэг. Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ. Намайг амьд байлгахын тулд Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж Ичгүүрт бүү оруулаач. Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд Намайг тэтгээч. Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг Та бүгдийг нь голсон агаад Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ. Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан. Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам. Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач. Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч. Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна. Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм. Таны гэрчлэлүүд гайхамшигтай учир Сэтгэл минь тэдгээрийг сахидаг. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг. Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж Амаа би байдгаар нь том ангайв. Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч. Тушаалуудыг тань сахимаар байна. Хүний дарлалаас намайг золиоч. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Зарлигуудаа надад заагаач! Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана. Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга Та зөв шударга ба үнэн итгэмж дотор Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ. Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм. Дорд болж, үзэн ядагдсан ч, Тушаалуудыг тань би мартаагүй. Зөв шударга тань мөнхийнх Таны хууль үнэн. Шаналал шахалт надад тохиолдсон ч, Тушаалууд тань баясал минь билээ. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач. Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна. Аяа ЭЗЭН, надад хариулаач! Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ. Таныгаа би дуудан хашхирна, Намайгаа авраач. Тэгвэл Таны гэрчлэлүүдийг Би биелүүлэх болно. Үүр цайхаас өмнө босож, Тусламж гуйн хашхирдаг билээ, би. Үгсийг тань хүлээдэг билээ, би. Үгийг тань тунгаахын тулд Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг. Хайр энэрлийнхээ ёсоор Дуу хоолойг минь сонсооч! Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны хамаг тушаалууд ч үнэн билээ. Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ. Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч! Үгийнхээ дагуу намайг сэргээгээч! Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй. Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй. Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй. Таны тушаалуудыг Хэрхэн хайрлаж буйг минь хараач. Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор Намайг сэргээгээч! Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм. Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг. Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг. Би худал хуурмагийг үзэн ядаж жигшдэг, Харин хуулийг тань би хайрладаг. Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би өдөрт долоон удаа Таныг магтдаг. Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй. Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг. Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд Тэдэнд би хэмжээлшгүй их хайртай. Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань би сахидаг нь Бүх явдал минь Таны өмнө ил байдагт юм. Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу Таны өмнө хүрэг Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач! Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч! Үгийнхээ дагуу намайг авраач! Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг. Таны бүх тушаал зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг. Тушаалуудыг тань би сонгосон учир Мутар тань надад туслахад бэлэн болог. Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм. Хууль тань миний баясал билээ. Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач! Таны тогтоолууд надад туслаг. Алдагдсан хонь мэт төөрөв, би. Зарц юугаа хайн олооч. Тэгэх аваас тушаалуудыг тань Үл мартнам билээ, би.