ЛЕВИТ 13

13
1Тэгээд ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан
2Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна. 3Тахилч биеийнх нь арьсан дээрх шинж тэмдгийг үзэж, хэрэв өвчтэй газар дээрх үс цайж, үрэвсэл нь биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны өвчний халдвар юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. 4Харин биеийнх нь арьсан дээрх тод толбо нь цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс нь цайгаагүй байвал өвчтэй болсон хүнийг тахилч долоо хоногоор хөл хорино. 5Долоо дахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 6Тахилч түүнийг долоо дахь өдөр нь дахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.
7Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой. 8Тахилчийг үзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.
9Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна. 10Тахилчийг үзэхэд, арьсан дээр үсийг цайруулсан цагаан хавдар байх бөгөөд хавдарт нь шархалж байгаа мах байх аваас 11энэ нь тэр хүний биеийн арьсан дээрх арьсны архаг халдварт өвчин юм. Тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Бузартсан хэмээн тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй. 12Хэрэв арьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал 13тахилч түүнийг нь сайтар үзэх бөгөөд хэрэв уг арьсны өвчин түүний бүх биеийг бүрхсэн байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Бүгд цайрч, тэр цэвэр болсон. 14Харин шархалж байгаа мах гарч ирэх бүрд тэр нь бузартсан болно. 15Тахилч уг шархалж байгаа махыг үзэж түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Шархалж байгаа мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу. 16Эсвэл уг шархалсан мах нь дахин эргэж, цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно. 17Тахилч түүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.
18Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд, 19хатигны ором дээр цагаан хавдар, эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх тохиолдолд үүнийг тахилчид үзүүлнэ. 20Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм. 21Харин хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино. 22Харин энэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой. 23Хэрэв тод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
24Бие галд түлэгдэх тохиолдолд хэрэв түлэнхийний шарх нь тод цайвар ягаан, эсвэл цагаан толбо байвал 25тахилч түүнийг үзээд хэрэв арьснаас гүн харагдан, толбон дээрх үс нь цайсан байх аваас энэ нь түлэгдэлт дээр гарсан арьсны халдварт өвчин болой. Тиймээс тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой. 26Харин хэрэв тахилч түүнийг үзэхэд, арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байгаад, толбон дээр ямар ч цагаан үс байхгүй байвал, тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино. 27Тахилч түүнийг долоо дахь өдөр нь үзээд арьсан дээр цааш тархсан байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой. 28Гэвч толбо байрандаа үлдэн, арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх тохиолдолд энэ нь түлэгдэлтийн хавдар болой. Энэ нь зөвхөн түлэгдэлтийн сорви учир тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
29Хэрэв эр эсвэл эм хүн толгой юм уу сахалдаа үрэвсэлтэй байх аваас 30тахилч уг үрэвслийг үзээд арьснаас гүн харагдан, түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу сахлан дээрх арьсны халдварт өвчин болой. 31Гэвч хэрэв тахилчийг хамууны халдварыг үзэхэд, үнэхээр арьснаас гүн харагдахгүй байгаад, түүн дээр ямар ч хар үс байхгүй байвал тахилч хамууны халдвартай хүнийг долоо хоногоор хөл хорино. 32Долоо дахь өдөр нь тахилч халдварыг үзээд арьснаас гүн биш бөгөөд цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас 33тэр хүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 34Тэгээд долоо дахь өдөр нь тахилч хамууг үзээд арьснаас гүн биш харагдан, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно. 35Харин түүнийг цэвэршсэний дараа уг халдвар арьсан дээгүүр цааш тархах аваас 36тахилч түүнийг үзээд хамуу арьсан дээгүүр тархсан байх тохиолдолд тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна. 37Хэрэв түүний нүдэнд хамууны халдвар өөрчлөгдөөгүй, хар үс түүн дээр ургасан байх аваас уг хамуу нь эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
38Эр эсвэл эм хүн биеийн арьсан дээрээ толботой төдийгүй цагаан толботой байх тохиолдолд, 39тахилч үзээд, хэрэв тэдний биеийн арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр гарсан маажуур болой. Тэр хүн цэвэр байна.
40Хэрэв эрэгтэй хүний толгойн үс нь унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой. 41Хэрэв түүний толгой нь урдаасаа болон хажуугаасаа халзрах аваас тэр нь духандаа халзан учраас цэвэр болой. 42Гэвч хэрэв халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр цайвар ягаан үрэвсэл бий болох аваас энэ нь халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр гарсан арьсны халдварт өвчин болой. 43Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас, 44тэр нь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.
45Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан “Бузартсан, бузартсан” хэмээн хашхирч байх ёстой. 46Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна. 47Хувцсан дээр халдварт шинжтэй толбо гарах тохиолдолд, энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай, 48ноосон, эсвэл маалинган нэхмэл ч бай, сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй, 49хэрэв хувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой. 50Тахилч толбыг үзээд уг эдийг долоо хоногоор тусгаарлана. 51Тэгээд тэр долоо дахь өдөр нь уг толбыг үзээд хэрэв тэр нь нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээгүүр, эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхин дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой халдвар мөн учир бузар болой. 52Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.
53Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас 54уг толботой болсон зүйлийг угаахыг тахилч тэдэнд тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана. 55Тахилч уг толботой зүйлийг угаагдсаных нь дараа дахин үзэх бөгөөд хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй, хэдийгээр уг толбо тархаагүй байсан ч энэ нь бузар учир түүнийг гаднаас нь ч эсвэл дотроос нь ч халцлан идсэн байх аваас, түүнийг та нар галд шатаах ёстой.
56Гэвч хэрэв тахилч түүнийг угаагдсаных нь дараа үзэхэд уг толбо хатан арилсан байвал, уг хувцаснаас буюу савхин зүйлээс, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс түүнийг урж авна. 57Хэрэв тэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдолд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана. 58Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ.
59Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

Одоогоор Сонгогдсон:

ЛЕВИТ 13: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү