ЛЕВИТ 14

14
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2Арьсны халдварт өвчтөний цэвэршигдэх өдрийнх нь хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч, 3тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас, 4хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана. 5Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана. 6Тэрээр амьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ. 7Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна. 8Цэвэршүүлэгдэгч нь тэгээд хувцсаа угаан, бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь тэр хуаранд орж болно. Гэвч тэр долоо хоногийн турш майхныхаа гадна байх ёстой. 9Долоо дахь өдөр нь тэр өөрийн бүх үсийг хусна. Тэр нь толгойн үсээ, сахал хөмсөг төдийгүй өөрийн бүх үсийг хусах болой. Тэгээд тэр хувцсаа угаан, усанд биеэ угааж цэвэр болно.
10Найм дахь өдөр нь тэр согоггүй хоёр эр хургыг, согоггүй нэг эм хургыг болон идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилыг, нэг лог тосыг авчрах бөгөөд, 11цэвэршүүлэгдэгчийг цэвэр хэмээн тодорхойлон хэлсэн тахилч эдгээр зүйлсийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, хурлын майхны үүдэнд авчирна. 12Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой. 13Дараа нь нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой. 14Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилын хэсэг цусыг авч, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нь түрхэнэ. 15Тахилч бас нэг лог тосноос хэсгийг авч, зүүн гарынхаа алганд асгаад, 16баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна. 17Тахилч алган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ. 18Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой. 19Тахилч дараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална. 20Тэр шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.
21Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой. 22Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм. 23Тэгээд найм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой. 24Тахилч гэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө. 25Дараа нь тэр гэмийн төлөөх тахилын хургыг нядалж, хэсэг цус аваад, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ. 26Тахилч мөн тосноос хэсгийг нь зүүн гарынхаа алганд асгаад, 27баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосны хэсгээс долоон удаа ЭЗЭНий өмнө цацна. 28Тэгээд тахилч алгандаа байгаа тосны заримыг цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ. 29Түүнээс гадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой. 30Тэгээд тэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө. 31Тэр өөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ. 32Энэ бол цэвэршүүлэлтэд зориулах чадал боломж хомс арьсны халдварт өвчтөний тухай хууль болой.
33ЭЗЭН Мосе, Аарон нартай цааш нь ярин айлдаж
34Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад, 35тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой. 36Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно. 37Тийнхүү тэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас 38тахилч байшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана. 39Тахилч долоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв уг толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас 40толбо суусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана. 41Мөн тэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана. 42Тэгээд тэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.
43Гэсэн ч хэрэв тэр хүн чулуунуудыг салган, байшинг хусаад, дахин шохойдсны дараа уг толбо дахин байшинд гарч ирэх аваас, 44тахилч дотогш орон сайтар ажиглана. Хэрэв тэрээр байшинд толбо үнэхээр тархсаныг харах аваас энэ нь байшин доторх хортой халдварын толбо мөн учир бузар болой. 45Тиймээс тэр хүн уг байшинг, чулуунуудыг нь, дүнзнүүдийг нь, мөн бүх шохойг нь буулгаж тэдгээрийг хотын гадна бузар газар уруу аваачих болой. 46Түүнээс гадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно. 47Үүнчлэн байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.
48Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. 49Тэгээд уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад, 50нэг шувууг урсгал усан дээр шавар саванд нядална. 51Тэгээд тэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна. 52Ийнхүү тэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм. 53Харин тэр амьд шувууг хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.
54Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль болой. Үүнд хамуу, 55мөн арьсны халдварт өвчин тусгах хувцас, эсвэл байшин, 56мөн хавдар, шарх, толботой холбоотой, 57тэдгээрийг ямар тохиолдолд бузар, ямар тохиолдолд цэвэр гэдгийг заах хууль болой. Энэ бол арьсны халдварт өвчний хууль юм.

Одоогоор Сонгогдсон:

ЛЕВИТ 14: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү