РОМ 8

8
1Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. 2Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. 3Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв. 4Ингэснээр Хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно. 5Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог. 6Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой. 7Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. 8Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. 9Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. 10Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна. 11Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.
12Тиймд ах дүү нар аа, бид махан биеийн дагуу амьдрахын тулд махан биед өртөнгүүд биш. 13Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. 14Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. 15Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг. 16Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 17Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.
18Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог. 19Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм. 20Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. 21Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. 22Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. 23Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг. 24Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? 25Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.
26Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. 27Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм. 28Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. 29Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. 30Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан.
31Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? 32Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? 33Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. 34Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. 35Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү?
36«Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж,
Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв»
гэж бичигдсэн юм. 37Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. 38Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, 39өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 8: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү