ЕСТЕР 2:5-8 - Бүх хувилбаруудыг харьцуулах

ЕСТЕР 2:5-8 АБ2004 (Ариун Библи, 2004)

Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв. Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогдогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм. Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ. Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ.

Хуваалцах
ЕСТЕР 2 АБ2004

ЕСТЕР 2:5-8 АБ2013 (Ариун Библи 2013)

Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулахад, олон залуу эмэгтэй Суса цайзнаа Хегаин мэдэл, гар дор цуглацгааж байхад Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэл, гар дор хүргэгджээ.

Хуваалцах
ЕСТЕР 2 АБ2013