ЭХЛЭЛ 1:1-9
ЭХЛЭЛ 1:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ.
ЭХЛЭЛ 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Тэгээд Бурхан —Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов. Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой. Бурхан —Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав. Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ.