ЭХЛЭЛ 6:1-22

ЭХЛЭЛ 6:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Газар дээр хүмүүс олширч эхлэн тэдэнд охид төрөх болсон үед Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. Тэгэхэд ЭЗЭН —Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог гэжээ. Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ. ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв. Харин Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ. Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв. Тэрээр гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет билээ. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа. Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, бүхээгийн урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. Бүхээгтээ гэгээвч хийхдээ оройгоос нь нэг тохой хийнэ. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга. Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ. Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 6 унших

ЭХЛЭЛ 6:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн, тэдэнд охид төрөх болсон үед Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. Тэгэхэд ЭЗЭН —Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ. Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ. ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав. ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв. Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ. Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ. Бурхан Ноад хандан —Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана. Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ. Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ. Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 6 унших