ИОХАН 15:1-27
ИОХАН 15:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана. Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно. Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ. Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
ИОХАН 15:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй. Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна. Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно. Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно. Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй. Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн. Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно. Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо. Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг. Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна. Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн. Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ. Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.