ТООЛЛОГО 4:1-32 - Бүх хувилбаруудыг харьцуулах
ТООЛЛОГО 4:1-32 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа — Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой. Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг нь шургуулна. Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж, түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу. Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой. Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ. Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна. Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм. Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв. Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа — Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн. Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа — Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун. Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой. Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц, хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой. Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байх болой. Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр нь, гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд, эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.
ТООЛЛОГО 4:1-32 АБ2013 (Ариун Библи 2013)
Тэгээд ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин — Левийн хөвгүүдийн дундаас Кохатын хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. Уулзалтын майханд Кохатын үр удмын хийх ариунаас ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой. Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь нэлдээ хөх даавуугаар бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. Эдгээрийн дээгүүр тэд хүрэн улаан даавуу дэлгэж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, хөндлөвчүүдийг нь шургуулна. Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт мөн үүний хямсаа, тосгуурууд болон үүнд хэрэглэгддэг тосны бүх савыг бүтээж, бүх хэрэгслүүдийнх нь хамт далайн гахайн арьсан бүтээлэгт ороож, түүнийгээ дамнуурга дээр тавих ажгуу. Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. Тэд ариун газарт үйлчлэхдээ хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг авч, хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурга дээр тавина. Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуу дэлгэнэ. Тэд мөн үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх хэрэгсэл болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний хэрэгсэл бүгдийг түүн дээр тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, хөндлөвчүүдийг нь шургуулна. Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм. Тахилч Аароны хүү Елеазарын үүрэгт гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, асрын бүх үүрэг мөн үүний доторх бүхэн ба ариун газар, түүний бүх хэрэгсэл нь байна гэж айлдав. Тэгээд Мосе Аарон нартай ЭЗЭН ярин — Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. Харин тэд ариунаас ариун юмсад хүрэх үедээ үхэлгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, хүн тусбүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөг. Харин ариун юмсыг бүтээж байхад тэд дотогш орж, харах ёсгүй, эс бөгөөс тэд үхэх болно гэж айлдлаа. Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — Мөн Гершоны хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэднийг эцгүүдийнх нь бүлээр, ургуудаар нь гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг чи тоологтун. Үйлчлэлд болон ачаа зөөхөд гершончуудын ургийн үйлчлэл нь энэ болой. Тэд уулзалтын майхны хөшиг болон асар, түүний бүтээлэг, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, уулзалтын майхны үүдэн дэх дэлгэц, хашааны хөшигнүүд, асар болон тахилын ширээний эргэн тойрон дахь хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц, тэдгээрийн оосор, тэдгээрт хэрэглэгдэх хэрэгсэл бүхэн болон тэдгээрт хийгдсэн бүхнийг зөөнө. Тэд ийнхүү гүйцэтгэнэ. Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар байх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. Энэ нь уулзалтын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ураг бүгдийн үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байх болой. Мерарийн хөвгүүдийн хувьд, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. Уулзалтын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуух тэдний ачааны үүрэг гэвэл асрын дүнзнүүд, үүний хөндлүүд, багананууд болон углуурууд, эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн.