YouVersion Logo
Search Icon

1Самуел 17

17
Давид Голиат хоёр
1Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд хуарагнав. 2Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд хуарагнаж, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. 3Тэртээх ууланд филистчүүд байж, энэтээх ууланд Израиль байж, тэдний дунд мөнөөх хөндий. 4Тэгэхэд филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. 5Тэрээр толгойдоо хүрэл дуулга, биедээ таван мянган хүрэл шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. 6Тэр хөлдөө хүрэл өвдгөвчтэй бөгөөд мөр хооронд нь хүрэл бамбай байв. 7Түүний жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж байв. 8Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж
—Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун. 9Хэрэв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд, намайг албал бид та нарын боол болъё. Хэрэв би түүнийг ялж, албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэгтүн гэв. 10Филист хүн цааш нь
—Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. 11Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. 12Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон#17:12 Еврейд нь энэ тодорхойгүй. байв. 13Иессийн гурван том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан гурван хөвгүүний ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма юм. 14Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. 15Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн очин байв. 16Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа.
17Тэгтэл Иесси, хөвгүүн Давиддаа
—Ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа, энэ арван талхыг авч хуаран уруу ах нар дээрээ гүйн оч. 18Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. 19Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа гэж хэлэв. 20Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаж орхиод хүнсийг авч Иессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. 21Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. 22Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. 23Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин эр, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. 24Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. 25Израилийн эрчүүд
—Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас#17:25 эсвэл түүнд үйлчлэхээс чөлөөлөх болно хэмээв. 26Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст
—Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв. 27Хүмүүс түүнд өмнөхийн адилаар
—Түүнийг алсан хүнийг ингэнэ, тэгнэ гэцгээв. 28Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан
—Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав. 29Харин Давид
—Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв. 30Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв.
31Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. 32Давид, Саулд
—Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. 33Тэгэхэд Саул, Давидад
—Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. 34Гэвч Давид, Саулд
—Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад 35би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. 36Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. 37Давид цааш нь
—Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад
—Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. 38Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. 39Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд
—Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. 40Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа. 41Тэгэхэд филист хүн ч бамбай үүрэгчээ урдаа зогсоон Давид уруу ойртож ирэв. 42Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. 43Филист хүн, Давидад
—Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. 44Филист хүн, Давидад
—Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. 45Давид филист хүнд
—Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. 46Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. 47Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. 48Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. 49Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. 50Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав.#2См 21:19 51Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.#1См 21:9 52Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат#17:52 Еврейд нь хөндий ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв. 53Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ. 54Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авчирсан ба харин зэвсгийг нь майхандаа тавив. 55Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас
—Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер
—Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв. 56Тэгээд хаан
—Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун гэж тушаажээ. 57Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байлаа. 58Саул, Давидаас
—Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? гэж асуусанд Давид
—Таны боол би Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн гэж хариулжээ.

Currently Selected:

1Самуел 17: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for 1Самуел 17