1Самуел 30
30
Зиклагийг сүйрүүлсэнд Давид өсөрхөв
1Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ. 2Тэд эмэгтэйчүүд ба тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа. 3Давид хүмүүстэйгээ хотод орж ирэв. Хотыг галдан шатааж эхнэр хүүхдүүд, охидыг нь олзлоод явсныг тэд үзэв. 4Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. 5Давидын хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам мөн Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.#1См 25:42–43 6Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав. 7Дараа нь Давид, Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан
—Ефод авч ирэгтүн гэж гуйсанд Абиатар, Давидад ефодыг авчирч өгөв.#1См 22:20–23 8Давид, ЭЗЭНээс лавлан
—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд
—Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав. 9Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесорын хөндийд хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв. 10Бесорыг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв. 11Тэд хээрээс нэгэн египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгав. 12Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэж тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ. 13Давид түүнээс
—Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуухад
—Би египет залуу бөгөөд амалек хүний зарц юм. Би гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм. 14Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм гэж хэлэв. 15Тэгэхэд Давид түүнд
—Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? гэж асуухад
—Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав. 16Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар нэг тархаж, филистчүүдийн болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж идэж уун бүжиглэлдэж байлаа. 17Давид үүрийн гэгээнээс дараа өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуугаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй. 18Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, алдсан хоёр эхнэрээ ч бас авран чөлөөлжээ. 19Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав. 20Ийнхүү Давид бүх хонь, үхрийг олзолж авлаа. Эдгээрийг тэд сүргийнхээ эхэнд тууж#30:20 боломжит хувилбар: Түүний хүмүүс сүргийг түүний өмнө авчирч Еврейд нь энэ тодорхой бус.
—Энэ Давидын олз гэж өгүүлэлдэв.
21Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдаад Бесор горхины дэргэд үлдсэн хоёр зуун хүн дээр эргэн хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртон очиж, тэдэнтэй мэндчилэв. 22Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгаг санаатай, үл бүтэх хүмүүс ам амандаа
—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ. 23Тэгэхэд Давид
—Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй. 24Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой гэж хэлэв. 25Тэр өдрөөс хойш Давид үүнийг израильчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ. 26Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн
—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ. 27Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст, 28мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст, 29мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст, 30мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст, 31мөн Хебронд байсан хүмүүст мөн Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст зориулагдсан билээ гэж хэлүүлэв.
Currently Selected:
1Самуел 30: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.