2Самуел 1
1
Давид гашуудав
1Саулыг өөд болсны дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ Зиклагт хоёр хоног байв. 2Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв. 3Тэгэхэд Давид түүнээс
—Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад
—Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв. 4Давид түүнд
—Юу болов? Надад хэл гэхэд тэр
—Ард олон тулалдааны талбараас зугтааж бас олон хүн унан үхэв. Саул, түүний хөвгүүн Ионатан нар ч бас үхэв гэлээ. 5Мэдээ хүргэж ирсэн тэр залууд Давид
—Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи яаж мэдэв? гэв. 6Давидад мэдээ хүргэсэн залуу
—Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн. 7Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм. 8Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд “Би амалек хүн байна” гэсэн билээ. 9Саул надад “Над уруу ойртож ирээд, намайг алагтун. Учир нь би тэлчлэн зововч амь минь надаас зуурсаар байна” гэсэн. 10Тэгэхэд би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр нэгэнт унасан хойно, амьд үлдэж чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Би түүний толгойн титэм, гарын бугуйвчийг нь авч ийш эзэндээ авчирлаа гэв. #1См 31:1–6; 1Шс 10:1–6 11Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв. 12Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс буюу Израилийн гэр илдээр цохиулсны төлөө тэд гашуудан уйлж, үдэш болтол мацаг барив. 13Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас
—Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу
—Би ирмэл хүн болох амалек хүний хүү гэж хариулав. 14Тэгэхэд Давид
—Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд эмээсэнгүй вэ? гэв. 15Давид залуу эрсийн нэгийг дуудан
—Очоод түүнд халдагтун гэсэнд тэрээр түүнийг цохиж алав. 16Давид түүнд
—“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.
17Дараа нь Саул түүний хөвгүүн Ионатан нарын төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж, 18(тэрээр энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Харагтун, энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.)#Иош 10:13
19Алдартнууд чинь өндөрлөгүүд дээр чинь
Алуулан хэвтэж байна, Израиль аа!
Хүчтэнүүд чинь яахин цохигдов!
20Эл явдлыг Гатад бүү мэдээл,
Ашкелоны гудамжинд ч бүү тунхаглуул.
Эс бөгөөс филистчүүдийн охидыг баярлуулах гэж үү,
Хозлуулаагүйчүүдийн охидыг хөөргөх гэж үү.
21Өө, Гилбоагийн уулс аа,
Та нарын дээр шүүдэр бүү унаг,
бороо бүү орог.
Талбай дүүрэн анхны үр жимсэн өргөл ч бүү байг.
Учир нь тэнд баатруудын бамбай бузартан
Саулын бамбай эс тослогдов.
22Нэвт харвуулагсдын цусгүйгээр бас баатруудын өөхгүйгээр
Ионатаны нум нэгээхэн ч эргэж ирээгүй билээ.
Саулын илд ч хоосон буцаагүй билээ.
23Хайрт эрхэм Саул Ионатан хоёр
амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав.
Тэд бүргэдээс ч хурдан,
арслангаас ч хүчтэй байлаа.
24Израилийн охид оо,
Та нарыг час улаан
тансаг хувцсаар гоёж,
Өмсгөлийн чинь дээр
алтан чимгийг зүүж өгсөн
Саулын төлөө уйлагтун.
25Тулалдааны дунд баатрууд хэрхэн унаа вэ!
Өндөрлөгүүд дээр чинь Ионатан нэвт харвуулан хэвтэж буй.
26Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна.
Та намайг бүхнээс илүү
хайрладаг байлаа.
Таны хайр надад бүсгүйн хайраас
илүү гайхамшигтай байв.
27Юуны учир баатрууд унаж, тулааны зэвсэг мөхнө вэ!
Currently Selected:
2Самуел 1: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.