YouVersion Logo
Search Icon

Үйлс 13

13
Барнаб, Саул нарыг томилж илгээв
1Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай#13:1 Галилын захирагч Херод Антип. хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой. 2Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс
—Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв. 3Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
Элч нар Кипрт номлов
4Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. 5Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ. 6Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. 7Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаантай эрийн хамт байдаг ажээ. Сергио Паул, Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. 8Харин нэрийг нь орчуулбал шидтэн буюу Елум тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. 9Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон
10Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? 11Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив. 12Болсон явдлыг харсан мөнөөх нутгийн захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.
Паул Барнаб хоёр Писидийн Антиохт
13Паул болон нөхөд нь Пафаас далайд гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднээс салж, Иерусалим уруу буцжээ. 14Харин тэд Пергээс гарч Писидийн Антиохт ирээд, Амралтын өдөр синагогт орж суув. 15Хууль ба эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж
—Эрчүүд ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд 16Паул босож гараараа дохин ийн хэлэв.
—Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгчид ээ сонсоцгоо! 17Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.#Гэт 1:7, 12:51 18Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэсэн.#13:18 ЗБ-т харж хандаж байв. 19Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад өвлүүлсэн нь#Дх 7:1; Иош 14:1 20дөрвөн зуун тавиад жил бөгөөд үүний дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртэлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.#Шүү 2:16; 1См 3:20 21Дараа нь тэд хаан гуйхад Бениамины овгийн Кишийн хүү Саулыг Бурхан тэдэнд дөчин жилийн турш өгчээ.#1См 8:5, 10:21 22Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.#1См 13:14, 16:12; Дуу 89:20 23Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан юм. 24Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав.#Мк 1:4; Лк 3:3 25Иохан албаа гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би биш ээ. Харин үзэгтүн, миний араас ирж буй Нэгэний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлж байсан билээ.#Мт 3:11; Мк 1:7; Лк 3:16; Иох 1:20,27
26Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд ээ, та нарын дунд буй Бурханаас эмээгчид ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм. 27Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ. 28Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.#Мт 27:22–23; Мк 15:13–14; Лк 23:21–23; Иох 19:15 29Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.#Мт 27:57–61; Мк 15:42–47; Лк 23:50–56; Иох 19:38–42 30Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд 31Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л ард олны өмнөх Түүний гэрч нар юм.#Үйл 1:3 32Бид эцэг өвгөдөд ирсэн амлалтын сайнмэдээг та нарт тунхаглаж байна. 33Дуулал номын хоёрдугаарт#Дуу 2:7 “Чи Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлэв” гэж бичигдсэнчлэн Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм. 34Бурхан, Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ.#Иса 55:3 (LXX) 35Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн “Ариун Нэгэндээ Та ялзралыг үзүүлэхгүй” гэж айлдсан юм.#Дуу 16:10 36Давидын хувьд тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсож, эцэг өвгөдийнхөө дунд тавигдан, ялзралыг үзсэн ажгуу. 37Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг эс үзэв. 38Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжин гэм нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. 39Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно. 40Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр#13:40 ЗБ-т та нар дээр гэж байхгүй. ирэхээс болгоомжил.
41“Харагтун. Басамжлагчид аа,
гайхацгаа, мөхөцгөө!#Хаб 1:5 (LXX)
Учир нь та нарын өдрүүдэд
Хэн нэгэн нь тайлбарласан ч,
Хэзээ ч та нар итгэхгүй
тийм үйлийг
Би гүйцэлдүүлэх болно”
гэсэн байдаг гэлээ.
42Паул Барнаб нарыг гарч явахад хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа. 43Синагогийн хурал тарахад, иудейчүүдийн болон Бурханаас эмээгч шинэ итгэлтнүүдийн олонх нь, тэдэнтэй ярьж Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байсан Паул, Барнаб нарыг дагалдав.
44Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв. 45Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа. 46Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж
—Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш, үзэгтүн, бид харийнхан уруу эргэв. 47Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан.#Иса 42:6, 49:6
“Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд
Би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан” гэв.
48Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв. 49Эзэний үг нутаг даяар түгж байлаа. 50Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэгчдийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав. 51Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдний эсрэг сэгсрээд, Икониум уруу явжээ.#Мт 10:14; Мк 6:11; Лк 9:5, 10:11 52Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байлаа.

Currently Selected:

Үйлс 13: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 13