YouVersion Logo
Search Icon

Үйлс 25

25
Паул давж заалдахыг хүссэн нь
1Фест тийнхүү муждаа ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв. 2Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгчид Паулын эсрэг гомдолоо түүнд тавьж, түүнийг ятган, 3Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.) 4Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарид хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийш явахаа хэлэв. 5Тэгээд тэр цааш нь
—Иймээс та нарын дундаас нөлөө бүхий нь надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүн буруутай аваас тэд түүнийг шүүтүгэй гэв. 6Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр шүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тушаалаа. 7Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав. 8Паул өөрийгөө өмгөөлөн
—Иудейн хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв. 9Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд
—Та Иерусалимд очиж, өмнө минь эдгээрийг шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд 10Паул
—Намайг шүүх ёстой Цезарийн шүүх суудлын өмнө би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа. 11Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв. 12Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож
—Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.
Агрийп хаантай Фест зөвлөлдсөн нь
13Хэдэн өдрийн дараа Агрийп хаан, Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ. 14Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест, Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.
—Фелик нэг хүнийг хорионд үлдээсэн юм. 15Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв. 16Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэж хариулсан. 17Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүх суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаасан юм. 18Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа. 19Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар мөн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зөрөлдсөн байв. 20Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэндээ би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув. 21Харин Паул, эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл хорионд байлга гэж тушаасан юм гэв. 22Агрийп хаан, Фестэд
—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр
—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.
Паул Агрийп хааны өмнө
23Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав. 24Фест
—Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирсэн бүх ноёд оо! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” гэж хашхиран надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна. 25Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар шийдсэн. 26Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна. 27Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг цохохгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.

Currently Selected:

Үйлс 25: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 25