YouVersion Logo
Search Icon

Номлогчийн үгс 3

3
Бүх юм өөрийн цагтай
1Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.
2Төрөх хийгээд үхэх цаг,
Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3Алах хийгээд анагаах цаг,
Нураах хийгээд босгох цаг,
4Уйлах хийгээд инээх цаг,
Гашуудах хийгээд
Бүжиглэх цаг,
5Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,
Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6Эрж олох хийгээд алдаж асгах цаг,
Хадгалах хийгээд хаях цаг,
7Урах хийгээд оёх цаг,
Дуугүй байх хийгээд ярих цаг,
8Хайрлах хийгээд үзэн ядах цаг,
Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ.
Бурханы өгсөн үүрэг
9Чармайлаа гээд хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байна вэ? 10Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан. 11Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ. 12Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. 13Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л зүтгэлдээ сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу. 14Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн үйлдсэний учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм. 15Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийнээ байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
Шүүлт ба ирээдүй Бурханы мэдэлд
16Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан. 17“Зөвт ба буруутын аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би зүрхэндээ хэлэв. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй. 18“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. 19Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. 20Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна. 21Хүний амь амьсгаа дээш гарч, адгуусны амь амьсгаа газар уруу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? 22Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь аж. Хэн түүнийг дагуулан түүнээс хойш юу болохыг үзүүлж чадах билээ?

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Номлогчийн үгс 3