YouVersion Logo
Search Icon

Матай 9

9
1Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотод#9:1 буюу Капернаумд (4:13 үз.) ирлээ.
Саа өвчтөнг эдгээв
(Мк 2:1–12; Лк 5:17–26)
2Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд
—Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. 3Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь
—Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ. 4Есүс тэдний бодлыг мэдээд
—Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? 5“Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 6Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтөнд
—Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 7мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа. 8Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.
Матайг дуудав
(Мк 2:13–17; Лк 5:27–32)
9Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд
—Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. 10Есүсийг айлд#9:10 Матайн гэрт эсвэл Есүсийнд ширээнд тухлан байтал, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув.#Лк 15:1–2 11Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь
—Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. 12Харин Есүс үүнийг сонсоод
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. 13Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.#Мт 12:7; Хос 6:6
Мацгийн тухай асуулт
(Мк 2:18–22; Лк 5:33–39)
14Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж
—Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд 15Есүс тэдэнд хэлсэн нь
—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. 16Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. 17Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.
Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв
(Мк 5:21–43; Лк 8:40–56)
18Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, гэнэт тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд
—Охин минь дөнгөж сая үхчихлээ. Гэвч Та очиж, түүн дээр гараа тавибал охин минь амилах болно гэжээ. 19Есүс босож, түүнийг дагахад шавь нар нь ч бас дагав. 20Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад 21тэр эмэгтэй
—Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. 22Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад
—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ. 23Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон орь дуу болсон олныг хараад
24Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. 25Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. 26Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
Хоёр сохрыг эдгээв
27Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн
—Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. 28Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд
—Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд
—Тийм ээ, Эзэн гэлээ. 29Тэгээд Есүс нүдэнд нь хүрч
—Итгэлийн чинь дагуу болог гэсэнд 30тэд хараа оржээ. Есүс тэдэнд
—Хэн ч үүнийг мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав. 31Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
Хэлгүйг илааршуулав
32Тэднийг дөнгөж гартал, үзэгтүн, чөтгөр шүглэсэн, хэлгүй хүнийг Түүнд авчрав. 33Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж
—Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. 34Харин фарисайчууд
—Чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэж ярьж байлаа.#Мт 10:25, 12:24; Мк 3:22; Лк 11:15
Ургац арвин ч ажилчид цөөн
35Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.#Мт 4:23; Мк 1:39; Лк 4:44 36Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.#Тоо 27:17; 1Ха 22:17; 2Шс 18:16; Езк 34:5; Мк 6:34 37Тэгээд Тэр шавь нартаа хэлэхдээ
—Ургац арвин ч ажилчид цөөн байна.#Лк 10:2 38Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв.

Currently Selected:

Матай 9: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in