YouVersion Logo
Search Icon

Тооллого 31

31
Мидианы эсрэг дайн
1ЭЗЭН, Мосетэй ярин
2Израилийн хөвгүүдийн өшөөг мидианчуудаас авагтун. Дараа нь чи ард түмэн уруугаа одох болно гэв. 3Мосе ард олонтой ярин
—ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд дундаасаа эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн. 4Израилийн бүх овогоос буюу овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ. 5Ингээд Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгатыг буюу арван хоёр мянгатыг дайнд гарган хуваарилав. 6Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав. 7Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийж эр хүйстэн бүрийг нь алав. 8Тэд бусад алагдагсдын хамтаар Мидианы хаадыг алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаан болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр цавчин алав. 9Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүдийг болон тэдний багачуудыг олзлон авч, тэдний бүх үхэр сүрэг, бүх бог малын сүрэг болон тэдний эд юмс бүхнийг дээрэмдэв. 10Тэдний амьдарч байсан бүх хот, тэдний хуарангуудыг израильчууд галдан шатаав. 11Хүн ч бай, мал ч бай дээрмийн бүхнийг бас хамаг олзыг тэд авлаа. 12Тэд олзлогдогсод болон олзлон дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд буй Моабын тал дахь хуаранд, Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн хотол түмэнд авчирлаа.
Дайнаас буцаж ирэв
13Тэднийг угтахаар Мосе, тахилч Елеазар болон хотол түмний бүх удирдагчид хуарангийн гадна гарцгаав. 14Дайны талбараас ирсэн дайчдын захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав. 15Мосе тэдэнд
—Та нар бүх эмэгтэйн амийг хэлтрүүлэв үү? 16Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг самуурахад хүргэсэн. Тиймээс ЭЗЭНий хотол түмэн дунд гамшиг ирсэн.#Тоо 25:1–9 17Тиймээс одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг мөн эрийн өвөрт орж үзсэн эмэгтэй болгоныг алагтун. 18Харин эр хүнтэй хавьтаж үзээгүй эмэгтэйчүүд охид бүгдийг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн. 19Хүн алсан хэн боловч, алуулсан нэгэнд хүрсэн хэн боловч та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Та нар ба олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл. 20Хувцас бүр, арьсан эдлэл бүр, ямааны ноолууран бүх зүйл болон бүх модон эдийг өөрсдөдөө цэвэршүүлэгтүн гэлээ.
21Тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад
—Мосед ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг энэ болой. 22Алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга, 23галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болно. Түүнчлэн бузраас цэвэршүүлэх усаар цэвэршүүлж болно. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга. 24Та нар долоо дахь өдөр хувцсаа угаан цэвэр болж, дараа нь та нар хуаранд орж болно гэв.
Олзоо хуваасан нь
25ЭЗЭН, Мосетэй ярин
26Чи, тахилч Елеазар мөн хотол түмний эцгүүдийн бүлийн тэргүүнүүд та нар дээрэмдсэн олз омог болох хүн, малын аль алины нийлбэр тоог ав. 27Олз омогийг дайнд явсан дайчид болон хотол түмний дунд хуваагтун. 28Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд алба гувчуур болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав. 29Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд хандив болгохоор тахилч Елеазарт өгөгтүн. 30Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтны тавь тутмаас нэгийг авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.
31Мосе болон тахилч Елеазар нар Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв.
32Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь, 33далан хоёр мянган үхэр, 34жаран нэгэн мянган илжиг, 35хүмүүсээс, эр хүнтэй хавьтаж үзээгүй гучин хоёр мянган эмэгтэй байлаа.
36Эхний хагас болох дайнд явагсдын хувь нь гурван зуун гучин долоон мянга таван зуун толгой хонь байсан бөгөөд 37хониноос авсан ЭЗЭНий алба гувчуур зургаан зуун далан тав байв. 38Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд тэндээс ЭЗЭНий алба гувчуурт далан хоёрыг нь авав. 39Илжиг гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий алба гувчуурт жаран нэгийг нь авав. 40Амьд хүн арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий алба гувчуурт гучин хоёр хүнийг авав. 41Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий хандив буюу алба гувчуурыг Мосе өгчээ.
42Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасаас 43буюу хотол түмний хагасаас гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь, 44гучин зургаан мянган үхэр, 45гучин мянга таван зуун илжиг, 46арван зургаан мянган амьд хүн байлаа. 47Өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор, Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын тавь бүрээс нэгийг Мосе авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд тэдгээрийг өгөв.
48Түмэн цэргийн дарга нар болох мянгатын дарга ба зуутын дарга нар Мосе дээр очиж, 49Мосед
—Бидний удирдлага дор буй дайчдад таны зарц бид тооллого явуулсан бөгөөд биднээс нэг ч хүн дутагдаагүй. 50Тиймээс бид амийнхаа төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийлгэхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ. 51Мосе болон тахилч Елеазар нар үнэт эдлэлүүд болох тэр алтыг тэднээс авав. 52Мянгатын дарга, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа. 53Дайчдаас хүн бүр өөртөө олз авсан байлаа. 54Мосе ба тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аваад түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдийн төлөөх санамж болгон уулзалтын майханд авчрав.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in