YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 10

10
Соломоны мэргэн үгс
1Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийн баяр баясгалан,
Мулгуу хүү эхийн зовлон.
2Буруугаар олдсон эрдэнэс ашиг эс авчрах.
Зөвт байдал үхлээс гэтэлгэх.
3Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчих.
Буруутын хомхойрлыг харин хөсөр хаях.
4Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах.
Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох.
5Ухаалаг хүү зунаар жимс түүх.
Ургацын цагт нойртой хүү гутамшгийг хураах.
6Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр орших.
Хүчирхийлэл нь буруутын аманд нууцлагдах.
7Зөвтийн дурсамж нь ерөөл.
Буруутын нэр нь ялзрал.
8Мэргэн зүрх тушаалыг хүлээж авна.
Чалчаа мунхаг сүйрнэ.
9Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид.
Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.
10Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирна.
Чалчаа мунхаг нь сүйрнэ.#10:10 Еврейд нь 8-р эшлэл давтагдана.
11Зөвтийн ам нь амийн ундарга.
Буруутын аманд хүчирхийлэл нууцлагдах.
12Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх.
Хайр бүх гэмт үйлдлийг далдлах.#Иак 5:20; 1Пт 4:8
13Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно.
Ухвар мөчдийн нуруунд саваа зориулагдана.
14Мэргэд мэдлэгийг хуримтлуулна.
Мунхгийн ам сүйрэлд ойртоно.
15Баячуудын хөрөнгө баячууддаа бэхлэлт цайз.
Ядуусын үгүйрэл ядуустаа балгас.
16Зөвтийн ацаг хөлс нь амь.
Буруутын үр ашиг нь нүгэл.
17Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар.
Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр.
18Худалч уруул үзэн ядалтаа нууцлах.
Мулгуу хүн базаахгүй үг тараах.
19Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй.
Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.
20Зөвтийн хэл цэвэр мөнгө.
Буруутын зүрх үнэ цэнэгүй.
21Зөвтийн уруул олныг тэжээх.
Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.
22ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд
Зовлон зүдүүр үл нэмнэ.
23Булай үйл хийх нь мулгууд баясгалан.
Мэргэн үйл нь ухаарагч нэгэнд таалал.
24Буруутын дээр айдаг юм нь буух.
Зөвтийн хүсэл соёрхогдох.
25Хуй салхи шуурчээ,
буруутууд алга болох.
Зөвт нь мөнхийн суурьтай байх.
26Залхуу хүн заран илгээгчдэдээ
Шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт.
27ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах.
Буруутын он жилүүд богиносох.
28Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг.
Буруутын хүлээлт хоосон хоцордог.
29ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
30Зөвт нь мөнхөд үл хөдлөх.
Буруут нь газрыг эс өвлөх.
31Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана.
Хорон хэл харин огтлогдоно.
32Зөвтийн уруул тааллыг,
Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in