Зефаниа 3
3
Иерусалимын хилэнц
1Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!
2Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,
Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй.
Тэр ЭЗЭНд итгээгүй,
Өөрийнхөө Бурханд ойртоогүй.
3Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд,
Шүүгчид нь үдшийн чононууд юм.
Тэд өглөө юу ч үлдээдэггүй.
4Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд
Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ.
Тэд хуулийг завхруулжээ.
5Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм.
Тэр шударга бус зүйлийг хийхгүй.
Өглөө бүр Тэр
Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг,
Тэр унадаггүй.
Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.
6“Би үндэстнүүдийг таслав.
Тэдний булант цамхгууд балгас болжээ.
Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд
Хэн ч түүгээр өнгөрөхгүй.
Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.
7«Үнэхээр чи Намайг хүндэтгэж,
Зааврыг хүлээн авна» гэж
Би айлдсан.
Тиймээс түүний тухайд Миний товлосон бүхний дагуу
Түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно.
Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.
Үндэстнүүдийн шийтгэл ба эргэлт
8Тиймээс Би олзонд босож ирэх өдөр
Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж,
Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ
Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм.
Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.
9Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө.
Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн
Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
10Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс
Етиопийн голуудын чанадаас
Миний өргөлийг авчрах болно.
11Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон
Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно.
Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад
Та нар Миний ариун уулан дээр
Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.
12Гэвч Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж,
Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.
13Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй,
Ер худал ярихгүй.
Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй.
Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд
Тэд хооллож, хэвтэх болно.#Илч 14:5
Баяр хөөрийн дуун
14Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир!
Израиль аа, уухай хадаа!
Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла!
15ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ.
Тэр дайснуудыг чинь зайлуулсан.
Израилийн Хаан, ЭЗЭН
Та нарын дунд байна.
Чи цаашид гай зовлонгоос айхгүй.
16Тэр өдөр Иерусалимд хандан
“Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.
17Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин,
Та нарын дунд байна.
Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна.
Тэр хайр дотроо чимээгүй байна.#3:17 ЭНО-д Чамд шинэ амьдралыг өгнө.
Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.
18Товлосон найр наадмуудын талаар
Энэлэгсдийг Би цуглуулах болно.
Тэд чамаас ирсэн, Сион оо!
Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.
19Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна.
Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж,
Бүх дэлхийд тэдний ичгүүрийг
Магтаал болон яруу алдраар солино.
20Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт
Би та нарыг оруулна.
Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд
Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө.
Тэр үед Би та нарын нүдний өмнө
Амжилтыг чинь сэргээх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
Currently Selected:
Зефаниа 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.