YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 26

26
1Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж,
—Давид Иешимоны урд талд байдаг Хахилагийн толгодод нуугдаж байгаа бус уу? хэмээн өгүүлэв. 2Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрчүүдийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв. 3Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахилагийн толгод дээр буудаллав. Энэ үед Давид цөлд байв. Саулыг өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад 4Давид туршуулуудыг явуулж, Саулыг үнэхээр ирж байгааг мэдэв. 5Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.
6Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан
—Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи
—Би тантай хамт явна хэмээн хариулав. 7Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. 8Тэгэхэд Абишаи Давидад
—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв. 9Гэвч Давид Абишаид
—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв. 10Давид бас хэлэхдээ
—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана. 11Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв. 12Тэгээд Давид Саулын толгойн хажуугаас жад ба устай савыг авч, явсан боловч харсан хүн, мэдсэн хүн, сэрсэн хүн байсангүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв.
13Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол зайнд уулын орой дээр гарав. Тэдний хооронд их зайтай байсан билээ. 14Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан,
—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер
—Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав. 15Ийнхүү Давид Абнерт
—Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ. 16Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.
17Тэгэхэд Саул Давидын дууг танин
—Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид
—Миний дуу, эзэн хаан минь! хэмээн хариулав. 18Тэр бас
—Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ? 19Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм. 20ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв.
21Тэгэхэд Саул
—Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв. 22Давид хариулан
—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун. 23ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ. 24Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв. 25Дараа нь Саул Давидад
—Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид өөрийн аяныг үргэлжлүүлж, Саул гэр уруугаа буцав.

Currently Selected:

1 САМУЕЛ 26: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in