YouVersion Logo
Search Icon

ҮЙЛС 24

24
1Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. 2Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул түүнийг буруутгаж захирагчид хандан ийн хэлэв.
—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд 3бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь. 4Гэвч таныг чилээхийг үл хүсэж биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя. 5Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм. 6Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм. 7Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булаан авч, 8түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд 9иудейчүүд
—Үнэхээр тийм шүү хэмээн тэрхүү буруутгалд хошуу нэмэрлэцгээв.
10Захирагч Паулыг ярь гэж дохисонд тэр
—Та олон жилийн турш энэ ард түмнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно. 11Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна. 12Энэ хүмүүс намайг сүмд ч, синагогт ч, мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан, эсвэл үймээн гаргаж байсныг ер олж хараагүй. 13Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна. 14Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө. 15Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг. 16Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ. 17Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв. 18Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудейчүүд тэнд байсан. 19Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан. 20Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ. 21Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.
22Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,
—Мянгатын дарга Лусыг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд 23зуутын даргад
—Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.
24Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов. 25Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж,
—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ. 26Тэр Паулыг өөрт нь мөнгө өгөх байх хэмээн найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ. 27Гэвч хоёр жил өнгөрч Фелик Порк Фестээр солигдож, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр үлдээв.

Currently Selected:

ҮЙЛС 24: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ҮЙЛС 24