YouVersion Logo
Search Icon

ҮЙЛС 27

27
1Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв. 2Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн Македони хүн Аристарх байлаа. 3Маргааш нь бид Сидоны эрэгт зогсов. Иули Паулд сайхан сэтгэл гаргаж түүнийг анд нөхөд дээрээ очин асруулахыг зөвшөөрөв. 4Тэндээс бид тэнгист гарч, салхины эсрэг явсан тул Киприйн нөмрөөр хөвөн 5Килик, Памфулын эргээр дайрч, Лукийн Мурад газардав. 6Зуутын дарга тэндээс Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг олж биднийг суулгалаа. 7Хүчтэй салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид цөөнгүй хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Кретийн нөмрөөр хөвлөө. 8Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт Боомт хэмээх газар ирцгээв.
9Ийнхүү багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж,
10Эрчүүд ээ! Цааш аялах нь зөвхөн усан онгоц болон ачаанд том гарз учруулах төдийгүй бидний амь насанд ч аюул учруулж болзошгүй гэж би үзэж байна гэв. 11Гэвч зуутын дарга Паулын үгэнд итгэхээсээ илүү онгоцны ахмад ба залуурчинд итгэж байлаа. 12Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж. 13Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв. 14Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад 15усан онгоц сөрж чадалгүй, салхинд хөтлөгдөн туугдахад хүрэв. 16Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа. 17Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв. 18Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв. 19Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав. 20Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул бидний аврагдах горьдлого аажмаар тасарлаа. 21Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод
—Эрчүүд ээ! Та нар миний үгийг дагаж Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. 22Одоо харин би та нараас эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй бөгөөд харин усан онгоц л сүйрнэ. 23Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож 24“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв. 25Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна. 26Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.
27Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад, 28тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв. 29Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа. 30Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав. 31Паул зуутын дарга болон цэргүүдэд
—Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь 32цэргүүд завины олсыг тастаж завинуудыг унагав. 33Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж,
—Та нар өнөөдөр хүртэл арван дөрвөн өдөр юу ч идэлгүй үргэлж харсаар явж байна. 34Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ. 35Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв. 36Тэд бүгдээрээ урамшин зоригжиж, бас юм идэцгээлээ. 37Усан онгоцон дээр бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан хүн байв. 38Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхлэв. 39Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, хэрэв чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв. 40Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулаад, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв. 41Гэтэл хоёр тэнгисийн залгаа болох шүрэн цохиог онгоц мөргөн хайргадаж, хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов. 42Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах санаатай байлаа. 43Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддаг хүмүүсийг онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг, 44харин бусдыг нь банз юм уу, онгоцны ямар нэгэн юм хэрэглэн сэлэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.

Currently Selected:

ҮЙЛС 27: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ҮЙЛС 27