КОЛОССАЙ 1
1
1Бурханы хүслээр Есүс Христийн элч болсон Паул би болон дүү Тимот 2Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэлт ах дүү нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь та нарт байх болтугай.
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь 4бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд 5тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс сонссон. 6Сайн мэдээ нь та нарт хүрчээ. Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс эхлээд энэ нь та нарын дунд хэрхэн байгаачлан мөн бүх дэлхийд байнга үр жимс ургуулж өсгөж байна. 7Түүнчлэн бидний өмнөөс үйлчилдэг Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар суралцсан. 8Тэр бас Сүнс доторх та нарын хайрын тухай бидэнд мэдэгдсэн юм.
9Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай, 10мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж, 11Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, 12гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. 13Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. 14Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. 15Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. 16Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. 17Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог. 18Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм. 19Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон 20Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.
21Хэдийгээр та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч 22одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. 23Хэрэв та нар үнэхээр итгэл дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн мэдээний найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.
24Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Би махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг. 25Бурханы үгийг биелүүлэхийн тулд та нарын тусын тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би энэхүү чуулганы үйлчлэгч болсон юм. 26Тэрхүү нууц нь өнгөрсөн үеүдээс, үр удмуудаас нууцлагдаж байсан боловч одоо Өөрийнх нь ариун хүмүүст илэрхийлэгджээ. 27Бурхан харь үндэстнүүдийн дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн. 28Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна. 29Миний дотор хүчтэй ажиллаж байгаа Түүний хүч чадлаар зүтгэн би мөн энэ зорилгын төлөө ажилладаг.
Currently Selected:
КОЛОССАЙ 1: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society