ДЭД ХУУЛЬ 26
26
1Чи ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн суухдаа 2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж, 3тэнд байх тахилч уруу хүрч очоод, “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний өвөг дээдэст тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд хэлье” гэж хэл. 4Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина. 5Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ. 6Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн. 7Тэгээд бид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд, 8ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, агуу их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа Египетээс гарган авсан билээ. 9Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан нутгийг бидэнд өгсөн. 10ЭЗЭН Таны надад өгсөн тэр газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө. 11ЭЗЭН Бурханаас чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд, чиний дунд байгаа харийнхан баярлах ёстой.
12Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл. 13Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй. 14Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн. 15Та тэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч” гээрэй.
16ЭЗЭН Бурхан чинь өнөөдөр чамд энэ зарлиг хууль тогтоолыг дагаж мөрдүүлэхээр тушааж байна. Тиймээс чи тэдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хичээнгүйлэн дагаж мөрд. 17Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа. 18ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлан, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан. 19Мөн чамайг Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, айлдсан ёсоороо чамайг ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгохоор тунхагласан гэв.
Currently Selected:
ДЭД ХУУЛЬ 26: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society