НОМЛОГЧИЙН ҮГС 2
2
1Би өөртөө өгүүлрүүн “Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. 2Инээгчийг би “галзуу” гэж, тааламж баяслын тухайд “Юу болж байна?” гэхчлэн боддог байв. 3Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа. 4Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав. 5Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан. 6Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан. 7Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. 8Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв. 9Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. 10Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ. 11Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.
12Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ? 13Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов. 14Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ. 15“Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө “Энэ мөн л хоосон аж” гэв. 16Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! 17Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
18Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ. 19Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. 20Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв. 21Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн. 22Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? 23Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.
24Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. 25Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ? 26Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Currently Selected:
НОМЛОГЧИЙН ҮГС 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society