YouVersion Logo
Search Icon

НОМЛОГЧИЙН ҮГС 3

3
1Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ.
2Төрөх хийгээд үхэх цаг,
Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3Алах хийгээд анагаах цаг,
Нураах хийгээд босгох цаг,
4Уйлах хийгээд инээх цаг,
Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
5Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,
Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6Эрж олох хийгээд алдаж асгах цаг,
Хадгалах хийгээд хаях цаг,
7Урах хийгээд оёх цаг,
Дуугүй байх хийгээд ярих цаг,
8Хайрлах хийгээд үзэн ядах цаг,
Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
9Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ? 10Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан. 11Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
12Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. 13Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу. 14Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм. 15Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна. 16Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан. 17“Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг. 18“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. 19Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. 20Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна. 21Хүний амьсгал дээш гарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ? 22Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ?

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for НОМЛОГЧИЙН ҮГС 3