ШҮҮГЧИД 21
21
1Израилийн эрчүүд Мизпад тангараг тавин “Бидний хэн нь ч охиноо Бениаминтай гэрлүүлэхгүй” хэмээн өгүүлэв. 2Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав. 3Тэд
—Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв. 4Дараагийн өдөр нь ардууд эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.
5Тэгээд Израилийн хөвгүүд
—Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий цугларалтад ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд
—Тэр нь заавал алагдах болно хэмээн хатуу тангаргийг тэд тавьсан болой. 6Израилийн хөвгүүд өөрсдийн дүү болох Бениамины төлөө гашуудан
—Өнөөдөр Израилиас нэг овог таслагдав. 7Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.
8Тэд
—Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв. 9Учир нь ард түмнийг тоолсонд, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй. 10Тиймээс чуулган арван хоёр мянган эрэлхэг дайчдыг тийш нь илгээж, тэдэнд тушаасан нь
—Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун. 11Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэв. 12Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.
13Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав. 14Тэр үед Бениамин буцаж ирсэнд, Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс амьд үлдсэн эмэгтэйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй. 15ЭЗЭН Израилийн овгуудын дунд онгорхой зай гаргасан тул ард түмэн Бениамины төлөө гашуудав.
16Чуулганы ахлагчид
—Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд,
— 17Энэ овог Израилиас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой. 18Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин
—Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай хэмээсэн билээ.
19Ийнхүү тэд
—Харагтун, Бетелийн хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын зүүн талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв. 20Тэд Бениамины хөвгүүдэд
—Явж, усан үзмийн талбайд нуугдан хүлээж, 21харагтун. Хэрэв Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун. 22Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Охидоо тэдэнд өгч, бидний төлөө тэднийг энэрэгтүн. Бид дайны үед тэдэнд эхнэр авсангүй бөгөөд та нар ч охидоо тэдэнд өгөөгүй учраас та нар яллагдахгүй юм” хэмээн хэлнэ гэв. 23Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Бүжиглэж байсан охидоос тэд өөрсдийн тоогоор булаан авч явав. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож, тэндээ суурьшив. 24Тэр үед Израилийн хөвгүүд тэндээс тус тусын овог болон бүл уруугаа буцаж, хүн бүр өөрсдийн өв болох газар уруугаа явцгаав.
25Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.
Currently Selected:
ШҮҮГЧИД 21: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society