РУТ 1
1
1Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав. 2Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв. 3Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв. 4Тэд өөрсдөдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ. 5Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацлаа.
6ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов. 7Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав. 8Наоми хоёр бэрдээ
—Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар нас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай! 9ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав. 10Тэд түүнд
—Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна гэв. 11Харин Наоми
—Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо ч бий гэж үү? 12Буцагтун, охид минь! Яв. Учир нь би нөхөрт гарахад дэндүү хөгшдөнө. Хэрэв би надад найдвар бий хэмээн хэлж, энэ шөнө нөхөрт гарч, бас хөвгүүд төрүүлсэн ч, 13тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. 14Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав.
15Тэгтэл тэр
—Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. 16Харин Рут
—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. 17Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв. 18Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.
19Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь
—Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. 20Тэрээр тэдэнд
—Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд. 21Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.
22Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хурааж эхэлсэн үед Бетлехемд ирэв.
Currently Selected:
РУТ 1: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society