ИОВ 41
41
1Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу?
Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?
2Чи түүний хамарт олс дөрлөж,
эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?
3Тэр чамд хүсэлт тавьж,
зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
4Тэр чамтай гэрээ байгуулах уу?
Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
5Чи шувуухайгаар наадах адил түүгээр тоглон наадаж,
эсвэл түүнийг шивэгчиддээ зориулан хүлэх үү?
6Худалдаачид түүнийг борлуулах уу?
Тэд түүнийг наймаачдын хооронд хуваах уу?
7Чи арьсыг нь жалангаар,
толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?
8Гараа түүн дээр тавигтун.
Тулалдааныг сана.
Чи дахин ингэхгүй!
9Үзэгтүн, чиний горьдлого хуурамч юм.
Чи түүний нүдэнд ч хүртэл дорд үзэгдэх үү?
10Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ.
Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?
11Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ?
Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
12Тэр амьтны эрхтнүүд,
эсвэл хүч чадал,
эсвэл сайхан хэлбэр галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.
13Түүний гадуурх хуягийг хэн хуулж чадах вэ?
Давхар шүднийх нь дотор хэн нэвтэрч чадах вэ?
14Нүүрнийх нь эрүүг хэн онгойлгож чадах вэ?
Шүднүүдийн тойрог нь айдас байдаг аж.
15Бат бөх хуяг бол бардамнал бөгөөд
тэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.
16Нэг нь нөгөөтэйгөө маш ойрхон тул
тэдний хооронд агаар ч орох боломжгүй бөлгөө.
17Тэд өөр хоорондоо холбоостой билээ.
Тэд нэг нэгэндээ холбогдсон бөгөөд салгагддаггүй.
18Түүнийг найтаахад гэрэл цацардаг бөгөөд
нүд нь үүрийн туяа адил юм.
19Амнаас нь шатаж буй бамбарууд гарч,
галын очнууд ч үсчинэ.
20Хамрынх нь нүхнээс зэгсэн дээр буцалж буй тогооноос мэт утаа гарч ирдэг билээ.
21Амьсгал нь нүүрс асаадаг бөгөөд
амнаас нь галын дөл гардаг.
22Хүзүү нь хүч чадлыг агуулдаг бөгөөд
түүний өмнө айдас цовхчино.
23Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөд
түүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.
24Түүний зүрх чулуу мэт хатуу,
тээрмийн бул чулуу мэт хатуу.
25Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.
26Түүнд хүрдэг илд, жад ч,
өдтэй сум болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.
27Тэрээр төмрийг сүрэл мэт,
хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.
28Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй.
Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.
29Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон.
Тэрээр жадны шажигнаанд инээдэг.
30Түүний гэдсэн доор ваарын хурц хэлтэрхийнүүд байдаг.
Тэрээр шавран дээр хайрсны мөр үлдээдэг билээ.
31Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж,
далайг тостой тогоо мэт болгодог.
32Тэрээр ардаасаа гялбадаг мөр үлдээдэг бөгөөд
усны гүн ч бууралтсан мэт байдаг.
33Газар дэлхий дээрх ямар ч юм нь айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй адилгүй билээ.
34Тэрээр өндөр бүхнийг дээрээс хардаг.
Тэрээр бардамналын бүх хөвгүүдийн хаан нь билээ гэж айлдав.
Currently Selected:
ИОВ 41: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society