YouVersion Logo
Search Icon

ИОШУА 19

19
1Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа. 2Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада, 3Хазар-шуал, Бала ба Езем, 4Елтолад, Бетул ба Хорма, 5Зиклаг, Бет-маркабот ба Хазарсуса, 6Бет-лебаот ба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт, 7мөн Аин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт, 8мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа. 9Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.
10Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв. 11Дараа нь хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ. 12Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа. 13Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв. 14Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа. 15Мөн Катта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа. 16Эдгээр хотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа.
17Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув. 18Тэдний бүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем, 19Хафараим, Шион ба Анахарат, 20Раббит, Кишион ба Ебез, 21Ремет, Ен-ганним, Ен-хадда ба Бет-паззезийг багтааж байв. 22Мөн уг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа. 23Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
24Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 25Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен ба Ахшаф, 26Алламмелех, Амад ба Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнат уруу хүрч байлаа. 27Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бетемек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийд хүрээд дараа нь хойшоогоо Кабул уруу сунан хүрч, 28Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв. 29Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв. 30Энд бас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа. 31Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
32Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув. 33Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв. 34Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа. 35Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет, 36Адама, Рама ба Хазор, 37Кедеш, Едреи ба Ен-хазор, 38Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат ба Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа. 39Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
40Долоо дахь шавга Даны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 41Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол ба Ир-шемеш, 42Шаалаббин, Аиалон ба Итла, 43Елон, Тимна ба Екрон, 44Елтеке, Гиббетон ба Баалат, 45Иехүд, Бене-берак ба Гат-риммон, 46Ме-иаркон ба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв. 47Гэвч газар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв. 48Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа.
49Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв. 50ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.
51Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.

Currently Selected:

ИОШУА 19: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in