YouVersion Logo
Search Icon

МАРK 7

7
1Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. 2Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. 3(Учир нь фарисайчууд болон бүх Иудей хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг сахиж, хэрэв гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. 4Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ). 5Фарисайчууд болон хуулийн багш нар
—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад 6Есүс тэдэнд
—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.
“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.
Харин тэдний зүрх Надаас алс хол юм.
7Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,
харин Надад дэмий хоосон мөргөдөг”.
8Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд, 9Тэр мөн тэдэнд хандан
—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм. 10“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ. 11Харин та нар “Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл” гээд, 12та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. 13Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав. 14Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан
—Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун. 15Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. 16[Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун] гэж айлдав. 17Есүс хурсан олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. 18Тэр тэдэнд
—Та нар бас ойлгоогүй гэж үү? Гаднаас хүний дотор орох ямар ч юм хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? 19Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин ходоодонд ороод хаягдана гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр тийн илэрхийлжээ). 20Тэр
—Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг. 21Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, 22шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. 23Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.
24Тэндээс Тэр босоод, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. 25Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав. 26Тэр эмэгтэй Сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. 27Есүс түүнд
—Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд, 28харин тэр эмэгтэй Түүнд
—Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үйрмэгийг иддэг шүү дээ гэж хариулав. 29Есүс түүнд
—Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. 30Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.
31Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив. 32Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирч түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ. 33Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. 34Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд
—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд, 35өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов. 36Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа. 37Тэд
—Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.

Currently Selected:

МАРK 7: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for МАРK 7