YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 9

9
1Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
2Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав.
3Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав.
4Ингэхдээ “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гэдэг аж.
Ухаан мөхөс нэгэнд тэрээр
5“Нааш ир, хоол хүнснээс минь зоогло.
Хутгасан дарснаас минь уугтун.
6Мунхаг явдлаа орхин амьд яв.
Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг.
7Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг.
Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг.
8Басамжлагч нэгнийг бүү зэмлэ,
Учир нь тэр чамайг үзэн ядна.
Мэргэн нэгнийг зэмлэ.
Тэр чамайг хайрлана.
9Мэргэн хүнд заавар өг.
Тэгвээс тэр хүн улам мэргэн болно.
Шударга зөв хүнийг сурга.
Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.
10ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн.
Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн.
11Учир нь өдөр хоног чинь надаар уртсах болно.
Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно.
12Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг.
Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно.
13Мунхаг эмэгтэй нь чимээ дуулиантай агаад юу ч мэддэггүй, гэнэн нэгэн юм.
14Тэрээр гэрийнхээ үүдэнд болон хотын өндөрлөг газруудын суудал дээр суун,
15Өнгөрөн явагсдыг, чигээрээ цэх алхагсдыг дууддаг юм.
16Тэр эм “Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн” гэдэг аж.
Ухаан мөхөс эрд хандан тэрээр,
17“Хулгайлсан ус чихэрлэг.
Нууцлан идсэн талх амттай” гэдэг.
18Харин тэнд нь үхдлүүд байх бөгөөд
Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдгийг мөнөөх эр мэддэггүй ажээ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in