YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 106

106
1ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.
2Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,
Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
3Шударга ёсыг сахигчид,
Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?
4Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.
Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.
5Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,
Таны үндэстний баяр хөөрт баясгаж,
Таны өвөөр бахархахын тулд юм.
6Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,
Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.
7Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй.
Тэд Таны үй олон энэрлийг санаагүй,
Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.
8Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд
Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.
9Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд
Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.
10Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,
Дайсны гараас зольсон.
11Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.
Тэдний нэг нь ч үлдсэнгүй.
12Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.
Тэд Түүний магтаалыг дуулсан.
13Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.
Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,
14Харин цөлд ихэд шунахайрч,
Зэлүүд газарт Бурханыг сорьсон.
15Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч
Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.
16Хуаранд байхдаа тэд Мосед болон
ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд
17Газар нээгдэн, Датаныг залгиж,
Абирамын бүлгийг дарсан.
18Тэдний бүлэгт гал дүрэлзэж,
Галын дөл хорон муу хүнийг шатаасан.
19Тэд Хоребт тугалыг бүтээж,
Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.
20Ингэж тэд өөрсдийн алдрыг
Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон.
21Египетэд агуу зүйлсийг хийсэн
Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.
22Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг,
Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.
23Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд
Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд
Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.
24Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон.
Тэд Түүний үгэнд итгээгүй,
25Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан.
Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.
26Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь
Тэднийг зэлүүд цөл газарт хаян,
27Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж,
Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.
28Тэд Баал-пеортой нийлж,
Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.
29Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд
Тэдний дунд тахал дэлгэрсэн.
30Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд
Үүнээс болж тахал зогссон.
31Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд
Түүнд зөвт байдалд тооцогдсон.
32Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд
Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан.
33Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас
Мосе гоомой үгс хэлсэн.
34ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу
Тэд ард түмнүүдийг устгаагүй,
35Харин үндэстнүүдтэй хутгалдаж,
Тэдний үйлсээс суралцан,
36Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.
37Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,
38Гэмгүй цусыг буюу
Канааны шүтээнүүдэд тахисан
Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ.
Тэр газар ч цусаар бузарлагдсан.
39Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан,
Үйлдлээрээ садар самууныг хийжээ.
40Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж,
Тэр Өөрийн өвийг жигшсэн.
41Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд
Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.
42Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж,
Гар дороо тэднийг захирсан.
43Олон удаа Тэр тэднийг авардаг байсан.
Харин тэд өөрийн санаагаар тэрсэлж,
Өөрсдийн гэм буруу дотроо улам шигдсээр байв.
44Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо
Тэрээр зовлонг нь анхаарсан.
45Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,
Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.
46Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө
Тэднийг өрөвдсөн.
47Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч,
Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон
Таны магтаалд бахархуулахаар
Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.
48Израилийн Бурхан ЭЗЭН
Өнө мөнхөд магтагдах болтугай.
Бүх хүмүүсээр “Амен” хэмээн хэлүүлэгтүн.
ЭЗЭНийг магтагтун!
ТАВДУГААР НОМ
(Дуулал 107–150)

Currently Selected:

ДУУЛАЛ 106: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in