ДУУЛАЛ 119:1-40
ДУУЛАЛ 119:1-40 АБ2004
Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг. Биднээр хичээнгүйлэн сахиулахаар Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм. Таны зарлигуудыг сахихаар Замууд минь бат тогтоосой! Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт Би ичихгүй. Таны зөв шударга шүүхээс сурахдаа Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүрмөсөн бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар... Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч! Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан. Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Өөрийн зарлигуудыг надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан юм. Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм. Би Таны тушаалуудыг бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач. Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч. Би газар дэлхийд гаднын хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач. Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна. Таны тушаалаас салан тэнүүчилдэг Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг. Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм. Миний сэтгэл тоос шороонд дарагдсан. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч. Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач. Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана. Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг. Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч. Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч. Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ. Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно. Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач. Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө. Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач. Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач, Учир нь би түүнд баярладаг билээ. Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч. Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.