ДУУЛАЛ 31
31
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1ЭЗЭН, Таны дотор би хоргодсон.
Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч.
Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.
2Над уруу чихээ ойртуулж,
Намайг хурдан авраач.
Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
3Учир нь Та бол миний хад, миний цайз юм.
Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
4Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.
Учир нь Та бол миний хүч чадал юм.
5Таны гарт би сүнсээ даатгадаг.
Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.
6Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг,
Гэвч би ЭЗЭНд итгэдэг.
7Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно,
Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан.
Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд
8Та намайг дайсны гарт тушаасангүй.
Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.
9ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдгүүр дунд байна.
Уй гашуугаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.
10Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,
Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.
Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,
Бие минь турж эцсэн.
11Өөрийн бүх өстнөөс болж би
Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол,
Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.
Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.
12Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан.
Би хагарсан сав шиг юм.
13Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон.
Тал бүрд аймшиг бөлгөө.
Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа
Миний амийг авахаар хуйвалджээ.
14Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг,
“Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.
15Миний цаг хугацаа Таны гарт байна.
Намайг дайснуудын минь гараас болон
Намайг хавчигчдаас авраач.
16Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч.
Хайр энэрлээрээ намайг авраач.
17Би Таныг дууддаг учраас, ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч.
Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон,
Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.
18Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдаг
Худалч амыг дуугүй болгооч.
19Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань
Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
20Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг.
Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.
21ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.
22Би сандран байхдаа
“Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв.
Гэсэн ч би Тан уруу хашхирахад
Та миний гуйлтын дууг сонссон билээ.
23Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа.
ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалж,
Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг.
24ЭЗЭНд найдагч бүгд ээ,
Хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга.
Currently Selected:
ДУУЛАЛ 31: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society