ИЛЧЛЭЛТ 13
13
1Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа. 2Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв. 3Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа. 4Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд
—Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв.
5Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. 6Тэр амаа нээн Бурханыг доромжилж, Түүний нэр, Түүний асар буюу тэнгэрт нутаглагсдыг доромжлов. 7Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. 8Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.
9Хэрэв чихтэй хүн байвал сонсогтун. 10Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна.
11Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурга мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив. 12Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд дэлхий болоод тэнд нутаглагсдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлдэг ажээ. 13Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. 14Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг. 15Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм. 16Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гаран дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар 17тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ. 18Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.
Currently Selected:
ИЛЧЛЭЛТ 13: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society