1Коринт 15
15
Христийн амилал
1Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. 2Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. 3Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд#Иса 53:5–12 4оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад#Дуу 16:8–10; Мт 12:40; Үйл 2:24–32 5Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ.#Мт 28:16–17; Мк 16:14; Лк 24:34,36; Иох 20:19 6Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. 7Тэр дараа нь Иаковт, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. 8Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт#15:8 эсвэл согогтой төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.#Үйл 9:3–6 9Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.#Үйл 8:3 10Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ. 11Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж, та нар түүнчлэн итгэсэн билээ.
Үхэгсдийн амилал
12Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ? 13Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 14Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. 15Үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханыг гэрчилснээрээ Бурханы хуурамч гэрчлэгчид болно. 16Учир нь үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 17Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. 18Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. 19Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол#15:19 эсвэл энэ амьдралд маань бидэнд байгаа бүхэн нь Христ доторх бидний найдвар юм бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. 20Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. 21Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. 22Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. 23Харин тусбүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. 24Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. 25Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой.#Дуу 110:1 26Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. 27Учир нь Тэрээр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч Нэгэн нь ангид байсан нь мэдээж.#Дуу 8:6 28Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь бүгдэд Бурхан бүх юм болохын тулд юм. 29Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд огт амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? 30Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ? 31[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. 32Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!”#Иса 22:13 33Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” 34Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.
Биеийн амилал
35Гэхдээ хэн нэгэн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямархуу биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. 36Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй. 37Тарьдаг чинь, ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудайн эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. 38Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. 39Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. 40Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм. 41Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг. 42Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана. 43Энэ нь үл хүндлэл дор таригдаж, алдар дор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дор таригдаж, хүч дор амилуулагдана. 44Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. 45Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.#Эх 2:7 46Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад сүнслэг нь дараа нь аж. 47Анхны хүн нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой. 48Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. 49Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно.#15:49 ЗБ-т бидэнд өмсүүлнэ 50Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. 51Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. #1Тс 4:15–17
52Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. 53Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. 54Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ.#Иса 25:8 55“Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ? Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?”#Хос 13:14 (LXX) 56Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. 57Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. 58Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.