1Коринт 4
4
Элч нарын үйлчлэл
1Биднийг Христийн зарц нар бөгөөд Бурханы нууцын нярвууд гэж тооц. 2Мөн итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг. 3Та нараар эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. 4Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм биш. Харин намайг шүүгч нь Эзэн мөн. 5Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно. 6Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэснийх юм. Тэгвэл та нар нэгийнхээ өмнөөс нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй. 7Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ? 8Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ! 9Учир нь элч биднийг Бурхан үхэх ял ногдогсод мэт бүхний адаг болгосон гэж би боддог. Юу гэвээс бид ертөнцөд, тэнгэрэлч нарт ч, хүмүүст ч үзвэр болжээ. 10Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй. 11Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, нүцгэн ноорхой, нүдүүлж зодуулж, тэнэж, 12зүдэн зүтгэн ажиллаж, зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,#Үйл 18:3 13доромжлоход нь эелдэг хариулан, муучлахад нь аргадаж, бид өдгөөг хүртэл хорвоогийн хог, хамгийн шаар мэт болсон.
Эцэг ёсны сануулга
14Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийн хайрт хүүхдүүдийн хувьд та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. 15Учир нь та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй. Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн. 16Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай.#1Ко 11:1; Флп 3:17 17Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг минь тэр та нарт сануулах болно. 18Зарим чинь намайг та нар дээр очихгүй юм шиг ихэрхдэг. 19Хэрэв Эзэн хүсвэл би та нар дээр удахгүй очиж, ихэрхэгчдийн үгийг бус, харин хүчийг мэдэх болно. 20Учир нь Бурханы хаанчлал ярианд бус, харин хүч дор байна. 21Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.