1Коринт 9
9
Элчийн эрх
1Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би Эзэн Есүсээ хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү? 2Хэрэв би бусдад элч биш байлаа ч та нарт бол мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн албаны минь тамга юм. 3Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм. 4Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? 5Бусад элч нар Эзэний дүү нар болон Кефийн адил итгэгч эхнэрээ дагуулах эрх бидэнд үгүй гэж үү? 6Эсвэл ажиллахгүй байх эрх Барнаб бид хоёрт л байхгүй юм уу? 7Хэн хэзээ өөрийн зардлаар цэргийн алба хааж байсан юм? Усан үзмийн талбай байгуулаад жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? 8Эдгээрийг би хүний ёсоор яриагүй гэж үү? Хууль ч гэсэн үүнийг хэлдэг бус уу? 9Учир нь Мосегийн хуульд “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан тийнхүү үхэрт санаа тавьсан болж байна уу?#Дх 25:4; 1Тм 5:18 10Тэр энэ бүгдийг бидний төлөө айлдсан уу? Энэ нь үнэхээр бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дор хагалж, цайруулагч найдлага дор цайруулж, хувиа хүртэх ёстой аж. 11Бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас махбодын юмсыг хураавал энэ нь дэндүү их гэж үү?#Ром 15:27 12Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг. 13Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?#Дх 18:1 14Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ.#Мт 10:10; Лк 10:7 15Харин би эдгээрээс юуг ч ашиглаагүй. Намайг ийм байхын тулд ч эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон болгосноос үхсэн минь дээр. 16Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! 17Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. 18Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм. 19Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон. 20Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт, 21хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, 22сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. 23Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг. 24Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. 25Тэмцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. 26Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй, 27харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ залхааж, боолчилдог.
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.