1Петр 2
2
Амьд чулуу ба сонгогдсон хүмүүс
1Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж, 2үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртэлээ өсөх юм. 3Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан бол тэгэгтүн.#Дуу 34:8
4Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. 5Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. 6Энэ нь Бичвэрт
“Харагтун. Сонгогдсон,
булангийн үнэт чулууг Би Сионд тавина.
Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй”
хэмээсэн байдаг.#Иса 28:16 (LXX) 7Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд
“Барилгачдын голсон чулуу нь
булангийн чулуу болов”#Дуу 118:22
8гээд
“Бүдрүүлгийн Чулуу,
тээглэх Хад болсон юм”
гэсэнчлэн болой. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд таарсан аж.#Иса 8:14–15 9Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.#Гэт 19:5–6; Иса 43:20–21 (LXX); Дх 4:20, 7:6, 14:2; Тит 2:14; Иса 9:2 10Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.#Хос 2:23
Бурханы зарц мэт амьдар
11Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя. 12Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.
13Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу 14эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируул. 15Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. 16Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд. 17Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
Христийн зовлонгийн жишээ
18Боолууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас гажууд эздэдээ ч захирагд. 19Учир нь хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь нигүүлсэл юм. 20Хэрэв та нар нүгэл үйлдэж цохиулаад тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы нигүүлсэл юм. 21Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. 22Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.#Иса 53:9 23Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.#Иса 53:7 24Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.#Иса 53:5 25Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.#Иса 53:6
Одоогоор Сонгогдсон:
1Петр 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.