1Петр 3:13-22
1Петр 3:13-22 АБ2013
Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд. Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ. Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.