1Самуел 23

23
Давид Кеилагийн хотуудыг аврав
1Давидад
—Харагтун, филистчүүд Кеилагийн эсрэг дайрч, үтрэмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв. 2Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан
—Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад
—Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав. 3Гэтэл Давидын хүмүүс өөрт нь
—Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол гэж хэлэв. 4Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож
—Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав. 5Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг үй олноор нь хядав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав. 6Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв. 7Давид, Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр
—Бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга, хөндөл бүхий хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ гэж хэлэв. 8Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав. 9Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт
—Ефодыг авч ирэгтүн гэж хэлэв. 10Тэгээд Давид
—Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, Саул Кеилад ирж, надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг Таны зарц лавтай сонслоо. 11Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны зарцын сонссоноор Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ эдгээрийг зарцдаа мэдүүлээч гэсэнд ЭЗЭН
—Тэр ирнэ гэж айлдав. 12Дараа нь Давид
—Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН
—Тэд чамайг өгнө гэж айлдав.
13Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүн босон Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов. 14Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.
Давид Саулаас мултрав
15Давид Зифийн цөлд, Хорешд байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ. 16Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Давидыг Бурханаар зоригжуулав. 17Тэрээр Давидад
—Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа гэж хэлэв. 18Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.#1См 18:3
19Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саул дээр өгсөн ирж
—Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахила довын Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу?#Дуу 54 (гарчиг) 20Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийн хүсэлээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана гэж хэлэв. 21Саул
—ЭЗЭН та нарыг ивээх болтугай. Учир нь та нар намайг өрөвдөн хайрласан билээ. 22Одоо явж, илүү тодорхой болгон түүний очдог газар болон тэнд түүнийг харсан хүн бий эсэхийг сайтар шалгаж үзэгтүн. Тэр маш зальтай гэдгийг би сонссон. 23Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газрын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатын дотроос ч эрж хайя гэж хэлэв. 24Ингээд тэд босож, Саулаас урьтан Зиф уруу явав. Давид бас түүний хүмүүс Иешимоны өмнө зүгт байрлах Арабад, Маоны цөлд байв. 25Саул ба түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад, энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр хадтай газар ирж, Маоны цөлд суув. Саул үүнийг сонсоод Маоны цөлд Давидыг мөшгөн хөөв. 26Саул уулын нэг талаар Давид, түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Саулаас мултран зайлах гэж Давид яарч байв. Саул ба түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүсэлж байтал 27нэгэн элч Саулд ирж
—Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ гэж мэдэгдэв. 28Ийнхүү Саул, Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг
—Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ. 29Давид тэндээс явж Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү