1Самуел 8
8
Израильчууд хаан нэхэв
1Самуел настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов. 2Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байлаа. Тэд Беершебад шүүгч байв. 3Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав. 4Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ. 5Тэд түүнд
—Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв.#Дх 17:14 6Тэд “Биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө үү?” гэж хэлсэн нь Самуелд таагүй байлаа. Тэгээд Самуел, ЭЗЭНд залбирлаа. 7ЭЗЭН, Самуелд
—Ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, тэдний дээрх хаан байлгахгүй хэмээн Намайг түлхэн хаяж байгаа хэрэг юм. 8Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэд Намайг орхин умартаж, өөр бурхдад үйлчилсээр ирснийхээ адил тэд чамд мөн үйлдэж байна. 9Тэгэхлээр одоо тэдний дуу хоолойг сонсогтун. Гэхдээ чи тэдэнд бүх талаар хатуу анхааруулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн гэж айлджээ. 10Тийнхүү өөрөөс нь хааныг хүсэн нэхсэн ард түмэнд ЭЗЭНий бүх үгсийг Самуел хэлэв. 11Тэрээр
—Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, өөрийн морин тэрэгчин ба агтчин болгож, тэд хааны тэрэгнүүдийн өмнө гүйж байх болно. 12Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ. 13Үнэртнийг бэлдүүлж, хоол хийлгэж, талх бариулахаар та нарын охидыг тэр авах болно. 14Хаан та нарын хамгийн сайн тариан талбай, усан үзмийн болон чидун модны цэцэрлэгийг авч, бараа бологч нартаа өгнө. 15Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг, өөрийн түшмэд, бараа бологч нартаа өгнө. 16Хаан бас та нарын зарц шивэгчингүүд, хамгийн шилдэг залуус#8:16 LXX буюу ХГ-ний грек орчуулгад үхрүүдийг болон илжигнүүдийг чинь авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ. 17Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний зарц болно. 18Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.
Хаантай болох хүсэлт
19Гэсэн ч ард олон Самуелын дуу хоолойг сонсохоос татгалзан
—Үгүй. Бидний дээр хаан байх ёстой. 20Бид ч бүх үндэстний адил байж, манай хаан биднийг шүүн захирч, бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай гэцгээв. 21Самуел ард олны бүх үгийг сонсоод тэдгээрийг ЭЗЭНий сонорт давтан хэлжээ. 22ЭЗЭН, Самуелд
—Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун гэж айлдав. Тийнхүү Самуел, Израилийн хүмүүст
—Хүн бүр өөр өөрсдийн хот уруу явагтун гэж хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.