2Хаад 2:19-25

2Хаад 2:19-25 АБ2013

Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв. Елиша —Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав. Тэрээр усны ундарга дээр очиж, тийшээ давсаа асгаад —ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл үгүй болно” гэв. Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу цэвэршсэн мөнөөх ус нь өнөөдрийг хүртэл цэвэр хэвээр үлджээ. Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон —Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв. Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв. Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.