2Самуел 12:19-25
2Самуел 12:19-25 АБ2013
Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хөвгүүн өөд болсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа —Хөвгүүн өөд болсон уу? гэж асуухад тэд —Тийм ээ, тэр өөд болов гэв. Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн биеэ тослоод, хувцсаа солив. Тэр ЭЗЭНий өргөөнд орж хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ хариад хоол хийлгэж идэв. Тэгтэл зарц нар нь —Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хөвгүүн амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хөвгүүн өөд болоход та босож, хоол идлээ гэлцэв. Давид —Хөвгүүнийг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хөвгүүнийг амьдруулах магад” хэмээн санасны учир юм. Гэтэл одоо тэр өөд болчихлоо. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах бил үү? Би өөрөө түүн дээр очих болно. Харин тэр над дээр эргэж ирэхгүй гэв. Тэгээд Давид өөрийн эхнэр Батшебаг тайтгаруулан түүн дээр орж, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлээд түүнийг Соломон гэж нэрлэжээ. ЭЗЭН түүнийг хайрласан бөгөөд эш үзүүлэгч Натаны гараар мэдээ илгээн ЭЗЭНий төлөө Иедидиа гэж түүнийг нэрлэлээ.