2Самуел 7

7
Давидтай хийсэн Бурханы гэрээ
(1Шс 17:1–15)
1Хаан өргөөндөө тухлан амьдарч, ЭЗЭН эргэн тойрных нь бүх дайснаас түүнийг амруулсан тэр үед 2хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв.
—Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв. 3Натан, хаантанд
—Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.
4Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж
5Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү? 6Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. 7Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна.
8Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ. 9Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. 10Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино. 11Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө. 12Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.#Дуу 89:3–4, 132:11; Иох 7:42; Үйл 2:30 13Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. 14Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ.#Дуу 89:26–27; 2Ко 6:18; Евр 1:5 15Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй. 16Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.#Дуу 89:36–37 17Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.
Давидын залбирал
(1Шс 17:16–27)
18Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад
—Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 19Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Эзэн БУРХАН минь! Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг хүний ёсоор#7:19 магадлалтай хэсэг: хүнд харууллаа Еврейд нь хүний аргаар айлдлаа, Эзэн БУРХАН минь. 20Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн зарцыг мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! 21Өөрийнхөө үгийн учир, Өөрийнхөө зарцыг ухааруулахын тулд зүрх сэтгэлийнхээ дагуу Та энэ бүх агуу үйлийг хийжээ. 22Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ. 23Таны ард түмэнтэй буюу Израильтай хэн адил вэ? Ард түмэн болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн нэрийн төлөө ард түмнийхээ өмнөөс үндэстнүүд ба тэдгээрийн бурхдыг зайлуулан агуу сүрдмээр зүйлсийг хийсэн Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхий дээр байна вэ?#7:23 1Шс 17:21 үз. #Дх 4:34 24Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгон тогтоосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. 25Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай. 26Тийнхүү Таны нэр мөнхөд аугаа болж, “Түг түмдийн ЭЗЭН бол Израилийн Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр Таны өмнө бэхжих болно. 27Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов. 28Эзэн БУРХАН минь, Та Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. 29Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр зарцын тань гэр мөнхөд ерөөгдөх болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү