Үйлс 15
15
Иерусалим дахь Зөвлөл
1Иудейгээс ирсэн хэсэг хүн
—Мосегийн ёс заншлаар хозлуулаагүй л бол та нар аврагдаж чадахгүй гэж ах дүү нарт сургажээ.#Лев 12:3 2Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов. 3Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав. 4Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы, өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ. 5Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож
—Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.
6Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав. 7Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд
—Ах дүү нар аа, харийнханд сайнмэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа.#Үйл 10:1–43 8Зүрхийг мэдэгч Бурхан, бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд#Үйл 2:4, 10:44 9зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ. 10Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ? 11Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.
12Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа. 13Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков
—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо. 14Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх ард түмнийг харийнхнаас авахаар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симон хэллээ. 15Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.
16“«Үүний дараа Би эргэж ирээд
Давидын нурсан асрыг
дахин босгоно.
Балгаснуудыг нь Би
дахин босгож, сэргээнэ.
17Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна.
Ингэснээр бүх үндэстнүүд Эзэнийг эрж хайна.
Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж
18Өнө эртнээс мэдэгддэг Эзэн
Эдгээрийг айлдаж байна”
гэжээ.#Амо 9:11–12 (LXX) 19Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. 20Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.#Гэт 34:15–17; Лев 17:10–16, 18:6–23 21Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.
Харийнхны итгэгчдэд илгээсэн захидал
22Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ. 23Тэднээр энэхүү бичгийг илгээв.
“Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе. 24Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул 25бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу илгээх нь зүйтэй санагдав. 26Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ. 27Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно. 28Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, 29шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”
30Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав. 31Захидлыг уншаад тэд урамшуулсанд нь баярлацгаав. 32Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ. 33Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруу амар амгалан буцлаа. 34[Харин Силасын хувьд тэнд үлдэх нь зүйтэй санагджээ.]#15:34 ЗБ-т энэ эшлэл байхгүй. 35Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан зааж байлаа.
Паул, Барнаб нар салж явав
36Хэдэн өдрийн дараа Паул
—Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв. 37Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ. 38Памфулд биднийг орхиж, бидэнтэй үйлсийн төлөө хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул шийдэв.#Үйл 13:13 39Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ. 40Харин Паул Силасыг сонгож хөдлөв. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав. 41Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.
Одоогоор Сонгогдсон:
Үйлс 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.