Үйлс 17

17
Тесалоник дахь үймээн самуун
1Тэд Амфиполь, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв. 2Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. 3Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод
—Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ. 4Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв. 5Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ. 6Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан
—Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ. 7Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв. 8Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав. 9Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.
Паул Силас нар Беройд
10Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров. 11Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа. 12Тэднээс олонх нь мөн Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмэгтэйчүүд итгэв. 13Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Беройд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг өдөөн хатгаж үймүүллээ. 14Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлджээ. 15Паулыг гаргаж өгөгсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа.
Паул Афин хотод
16Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв. 17Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа. 18Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь
—Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь
—Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг#17:18 Есүс болон амилал: Грекээр “амилал” гэдэг нь эм үг бөгөөд ямар нэг охинтэнгэрийн нэр мэт ойлгогдсон байж болно. тунхаглаж байжээ. 19Тэд түүнийг барьж Арейпагт авчраад
—Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? 20Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ. 21(Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.)
22Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв.
—Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. 23Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. 24Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.#1Ха 8:27; Иса 42:5; Үйл 7:48 25Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй. 26Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь, 27хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ. 28Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог. 29Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй. 30Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. 31Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.
32Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь
—Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа. 33Ингээд Паул тэдний дундаас гарч явав. 34Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү