Даниел 10

10
Үндэстнүүдийн тэмцэл ба тэнгэрлэг хүчин
1Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай#10:1 Гэвч ойлгоход туйлын хүнд эсвэл их дайны тухай байлаа. байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, үзэгдлийг ч ухаарав.
2Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ. 3Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах, дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. 4Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад, 5нүдээ өргөн харахад, маалинган хувцас өмсөж Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв.#Илч 1:13–15, 2:18, 19:12 6Мөн бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар, хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө. 7Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг үлэмж их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ. 8Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй. 9Ингээд би үгийг нь сонслоо. Үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав. 10Харагтун, нэгэн гар надад хүрсэнд би чичирсээр өвдөг хийгээд гарынхаа алган дээр босов. 11Тэрээр надад
—Ихээр хайрлагдсан Даниел аа, чамд хэлэх гэж буй үгийг ойлгож, цэх зогсогтун. Би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов. 12Тэрээр надад
—Бүү ай, Даниел аа. Ухаарал авч, Бурханыхаа өмнө өөрийгөө дорд болгохоор зүрх гаргасан анхны өдрөөс чиний үгсийг Бурхан сонссон учир би үгсийн чинь улмаас ирлээ. 13Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг, Михаел надад туслахаар ирэв. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв.#Илч 12:7 14Хожмын өдрүүдэд ард түмэнд чинь юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдийнх юм гэв. 15Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар шагайн, дуугүй болов. 16Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан
—Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо. 17Учир нь эзний минь ийм зарц би хэрхэн ийм эзэнтэйгээ ярьж чадах билээ? Миний хувьд, одоо надад ямар ч тамир тэнхээ алга, амьсгал ч үлдсэнгүй гэв. 18Тэгэхэд хүн дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг тэнхээтэй болгов. 19Тэрээр
—Бүү ай, үлэмж хайрлагдсан хүн ээ. Амар амгалан чамд байг. Тууштай бай, тийм ээ, тууштай бай! гэв. Тэр надад хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж,
—Эзэн минь та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв. 20Тэгээд тэрээр
—Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа. Харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байна. 21Гэвч үнэний цадигт юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, энэ хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хэн ч үгүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

Даниел 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү